Uncategorized

Kалидас (400-аад он) Үүлэн Зардас болон Сакүнтала

Ойрд нар хур ээлжилсэн сайхан өдрүүд болж өнгөрч байна. Хөвөн хөлөглөх үүлсийг хараад тэртээ нэгэн цагт асар баян түүх, уран зохиолын өвтэй Энэтхэгийн сор болсон зохиолч Калидас өөрийн зохиолоо тийнхүү таашаан сууж байхдаа алдарт “Үүлэн Зардас” хэмээх нэрээ өгсөн боловуу хэмээх бодол төрөх даруйд л хаврын залхуурлаасаа болоод хэсэг бичээгүй байсан миний бие энэ хүү гайхамшигт бүтээлийн талаар жоохон ч атугай бичмүү хэмээн зориглон суулаа. Галидасыг Энэтхэгийн “Шекспир” гэх нь бий. Тэрээр Энэтхэгийн санскрит хэлээр бичиж туурвидаг зохиолчдын дотроос дэлхийд бүрнээ танигдсан, мөн хамгийн шилдэг нь болохоор арга ч үгүй биз дээ.

Хамгийн сонирхолтой нь зохиолчийн өөрийнх нь талаар бараг л мэдээлэл байдаггүй нь хачирхалтай. санагдаж болох юм. Хиндү болон Буддизмын аль алиныг нь оролцуулаад Брахмагийн шашны суурь сургаальд энэ дэлхий болон аливаа юмс үзэгдэл, зүйл бүгд бүрэн утгаараа хий хоосон бөгөөд тийм ч учраас эртний, уламжлалт Энэтхэгт хүний үүх түүх, түүний амьдралаар дамжуулан аливаа үйл явдлын хэлхээсийг холбож, түүхийг дамжуулдаггүй байсныг уншигчид маань ойлговол үүний  учрыг илүү сайн ойлгох байх. Калидаса нь манай тооллын 400 магадгүй 500 оны үед зохиогдсон байж болох юм.

Түүхээс үзэхүл тэрээр эгэл гарадтай нэгэн байхдаа алдар нэрд хүрч, өөрийн зохиолчын ур чадвараараа ордонд бага зэрэгтэй язгууртан болсон байна. Тэрээр мөн тун бүтээлч зохиолч байсан авч түүний цөөхөн зохиол болох 3, 4 урт хэмжээний шүлэг мөн гуран жүжгийн зохиол л хадгалагдан үлдсэн гэж тооцогддог. Энэхүү тайлбартаа танд хамгийн ихээр таашаагддаг, мөн хэлэлцэгдэж байдаг хоёр зохиолыг нь санал болгож байна.

Үүлэн Зардас (Мегхадута) нь 210 бадагаас бүрдэх яруу найраглал бүхий хүүрнэл зохиол бөгөөд хэн нэг нь үүний Өрнийн утга зохиолын ижил бүтээлийг нэрлэе гэвэл хөгжимт жүжиг байж болох юм. Монголын хувьд Данзанравжаагийн Саран Хөхөө театрт тоглогддог байсан дуулалт жүжгүүдтэй ижилсүүлж болох юм. Шүлгийн гол санаа нь якса-гийн (байгал дэлхийн дагина) төрхтэй, нэгэн язгууртан залуу тодорхой дурдагдаагүй гэмт үйлдлийнхээ төлөө алс ууланд цөлөгдөн суудаг. Сайхан амраг бүсгүйгээ үгүйлэн суухдаа, алс хол Гималайн хормойд орших Алака хотын ордондоо хайртай бүсгүй нь мөн л түүнийг үгүйлэн гансран суугаа хэмээн төсөөлдөг. Уулын оройг эмжин хөрвөх үүлсийг харан суухдаа тэрээр Алака өөд хөврөн очоод гэргийдээ хайр үгс, халамжын сэтгэлийг нь хүргэж өгөхийг хүсдэг. Энэ бүхэн нь үүлс зараалыг хүргэхээр дайран өнгөрөх гол мөрөн, уул ус, хот балгадыг залуу якса (дагина)-ийн хоолойгоор магтан дуулах боломжийг шүлэгчид өгдөг.

Энэхүү шүлэг нь хайрын захидалын хэлбэрт хөрвөсөн аян замын магтуу дуу юм. Найргийн өнгө аяс, шүлгийн бүтцийн хувьд өндөр хэмжээнд зохиогдсон байдал нь өргөлттэй, үргэлж шинээрээ л сонсогддог. Үүлэн зардаст итгэж даалгасан тааламжтай, янагхан зараал нь тансаг хэрнээ шаналалын агаарт хөрвөх тэчъяадлын хэрнээ хөнгөхөн гунигтайн хооронд уншигчдыг хөвсөлзүүлж өгдөгөөрөө “томчуудын” гайхамшигт үлгэр шиг ч санагдаж мэдэх юм.

Сакунтала ба Танилын Бөгж (заримдаа зүгээр Сакунтала ч гэх нь бий) баатарлаг туульс гэж ч хэлж болохоор жүжиг юм. Энэтхэгийн кино, театрын бүтээлүүдийн нэгэн адилаар энэхүү зохиолын өрнөл нь Махабхарата доторх олон өрнөлүүдийн нэгнээс нь л урган гарсан юм. Чухам яагаад энэтхэг кино, жүжгийн зохиолууд ийм өрнөлтэй, олон үеийг давдаг шалтгаан нь гээд хэлчихэд бараг буруудахгүй байх (ялангуяа ах дүү 2 мэнгээрээ бие биенээ олдог гэх мэт өрнөлүүд). Зохиолын агуулга нь товчхондоо дагина, ухаат хааны охин болох үзэсгэлэнт бүсгүй Сакүнталад дурласан хааны хайр сэтгэлийн тухай юм. Охин өөрийнхөө гарал үүслийн талаар ямар ч төсөөлөлгүй эгэл санаваартны ойн гэрт өсөж хүмүүждэг. Нэгэн өдөр ан хийж явсан Дусянта Хаан Сакүнталаг  олж харсан даруйдаа дурладаг бөгөөд түүнийг дагадаг байна. Тэд дурлалт хосууд болж, Сакүнтала жирэмсэн болдог байна. Гэвч хаан ордон руугаа буцах чухал албатай болсон тул явахаасаа өмнө түүнд түүнийг таньж байхын тулд бөгж үлдээдэг байна. Тийнхүү бүсгүй ордон руу явах замдаа бөгжөө гээж, хаан бүсгүйгээ таних боловч яг хэн гэдгийг нь үл мэдсээр явна. Эцэс нь нэг юм бөгж эзэндээ ирж, дурлалт хосууд эргэн нийлж, бүгд сэтгэл амар аж төрөн сууна.

Нэг талаараа Калидаса, Шекспир хоёрыг харьцуулж үзэх ннотолгоо бас бий. Тэр хоёрын аль аль нь хамгийн дээд ихэс язгууртнаас эхлээд хамгийн хөгийн алиа албадайн дүрийг гаргуун гаргадаг. Яс юман дээрээ бол Калидаса Шекспирээс ч илүү байж чадах бас нэгэн давуу тал бий. Тэрээр өөрийн бүтээлээ туурвихдаа (яг л Мольер гол дүрүүдээ Латинаар яриулж, бусдыг нь Францаар бичдэг шиг л) хоёр хэлээр буюу язгууртнуудын яриаг сонгодог Санскритээр, харин бусдыг нь нутгийн Пракрит хэлээр бичсэн байдаг. Шекспиртэй харьцуулах бас нэгэн харьцуулалт байдаг. Албан үүрэг болон хүсэл тэмүүлэл, мөн нийгмийн жороор найруулсан зан араншингийн төлөв болон агшин зуурын хайр дурлал хоёр хоорондох тэмцэл нь Сакүнталад гардаг зарчмын тэмцэл юм. Шекспир өөрийн зохиол болох “The Tempest”-дээ ижил сэдвийг нээж гаргасан юм, энэ хоёр зохиолыг тун ойрхон дарааллуулж уншвал тун сонирхолтой байх болно. Сакүнталаг анхлан англи Өрнөдийн Санскрит судлалын пионер, орчин цагийн хэл шинжлэлийн эцэг Английн сэр Уиллиам Жонс хөрвүүлсэн. Түүний орчуулгыг Гётё ихэд биширч байснаас үзэхүл унших ёстой хувилбар байх болов уу.  Калидасагийн бусад зохиолыг олон сайн орчуулгууд байдаг. Харин Монгол хэлнээ байх эх сурвалжын хувьд 18-р зууны сүүл хавьд ганжуурын төсгөл ботьд орчуулагдсан, мөн Эрдэнэпэл гавж төвд хэлнээс орчуулсан байдгийг Б.Ренчин гуай орчуулан хэвлүүлсэн номынхоо эхэнд дурдсан байна. Хамгаас азтай нь энэхүү орчуулсан гаргасан номыг өнөөдөр худалдан авч чадлаа, Ренчин гуайг бахдан биширлээ.

6 Comments on “Kалидас (400-аад он) Үүлэн Зардас болон Сакүнтала

  1. Жамбын Түмэнбаяр гэдэг хүн “Үүлэн зардас”-ыг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэн буулгасан бна. Түүний “Нууц товчооны адуу” хэмээх эмхэтгэлд хэвлүүлжээ. Олж үзээрэй хө

  2. шагүндала буюу тэмдэгт бөгж гэдэг нэрээр бас байдаг биз дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *