2005 оны байна уу даа, Таим сэтгүүлийн “Оны Хүн”-ийг тодруулах санал асуулга дээр нэгэн эмэгтэй Арменийн Геноцидийн түүхэн үнэнийг зориг гарган дуугарсаных нь төлөө Түрэгийн зохиолч Орхан Памукийг нэр дэвшүүлсэн байсан юм. Магадгүй тэр хэдхэн өгүүлбэр Памукийн талаар миний олж уншсан хамгийн анхны тохиолдол байх. Бүр сүүлд уржнан жилийн яг өдийд буюу Памук утга зохиолийн салбарт Нобелийн Шагнал авсныг зарлагдсаны дараахан Истанбулд очиход тэр хотын бараг бүх номын дэлгүүрүүд түүний бүтээлийг нь цонхон дээрээ дэлгэн тавьж, амтай болгон түүний талаар ярьж байлаа. Тэдгээр хүмүүсийн зарим нэг нь түүнийг үнэнийг хэлсэнийх нь төлөө үзэн ядаж байсан бол нөгөө нэг хэсэг нь Түрэг орныг дэлхийн тавцанд сурталчилснийх нь төлөө өнөөх “гэм”-ийг нь өршөөж байв.
Сэтгүүлч Роберт Капланы тэмдэглэсэнчлэн “баруунжих” хэмээх үзэгдлийг цор ганц төр шашин хоёрыг тусгаарлах үйл явц хэмээн үздэг Түрэгт энэхүү үг хэлэх эрх чөлөөг юман чинээ тоолгүй улс орны эрх ашгийг хувь хүний дээгүүр тавьсан үйлдэлд гайхах хэрэг ерөөс байхгүй юм. Харин ч хамгийн сонирхолтой нь энэ бол Памукийн бүтээлүүддээ хамгийн ихээр хөнддөг сэдэв болох Өрнө ба Дорнын соёлын зөрчил ба зохицлийн нэгэн тод жишээ болно. Товчхондоо бол Памукийн зохиол бүтээлээрээ дамжуулж нээж, тайлбарлах гэж оролддог зүйлийхээ хохирогч нь өөрөө болчихсон гэмээр. Гэхдээ эдгээр нь Орхан Памукийн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй нэр хүндийн ердөө нэгээхэн хэсэг нь бөгөөд түүний хамгийн том гавьяа нь нэгэнтээ дэлхийг айлгаж явсан хүчирхэг Османы Эзэнт Гүрний мөхлийн дараах мартагдсан Түрэг орныг–ялангуяа урьд нь дэлхийн төв гэгдэж байсан Константинополь буюу Памукийн төрсөн хот Истанбулыг–дэлхийн тавцанд дахин нэг удаа илдийн ирээр бус үгийн урнаар гарган ирж эх нутагт нь оюуны ямар их потенциал байгааг батлан харуулсан явдалд оршино. Энэ нь бидэнд цаагуураа Даблинийг Жойс, Прагийг Күндэра, Данцигийг (одоогийн Гданск) Гүнтэр Грасс уран бүтээлээрээ төлөөлдөгтэй адил Монголыг бүхэлд нь биш юм аа гэхэд Улаанбаатарыг дэлхийд таниулах сэхээтэн (intellectual) дутагдаж буйг сануулах мэт. Магадгүй Орхан Памук өдгөөгийн Өрнө ба Дорнын дунд учраа олохоо байсан Түрэг орны жинхэнэ айдэнтити нь чухам яг юу юм гэдгийг таниулж байгаатай адил тэрхүү үгүйлэгдэж буй Монгол сэхээтэн бидний жинхэнэ айдэнтитиг олоход чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.
Нөгөөтэйгүүр Орхан Памукийн Түрэгийн талаар хөндөж буй асуудлууд өдгөөгийн Монголтой түүхийн шижмийн хувьд биш юм аа гэхэд тулгарч буй бэрхшээлүүдийн зүй тогтлын хувьд олон талаараа төстэй: Түрэг Монгол хоёрт хоёуланд нь нэгэн үед дэлхийг донсолгож явсан гэх гайхамшигт үүх түүх бий, Түрэг, Монгол хоёр өөрсдийхөө соёлыг Өрнийн аль эсвэл Дорнын гэж яг таг ангилж чаддаггүй–энэ нь нэг талаараа Түрэгийн хувьд Кемал Ататүркийн хурдацтай баруунчлалын үр дүн бол Монголын хувьд 80 жилийн түүхтэй коммунизмтай холбоотой, харин нөгөө талаараа аль алинийх нь соёл иргэншлүүдийн огтолцол дээрх геополитикийн өвөрмөц байршлын шууд нөлөө юм. Цаашлавал Түрэг Монгол хоёр хоёул даяарчлалын шуурганд тэсч үлдэхийн тулд өөрсдийгөө хэн бэ, аль талыг дагавал хамгийн их хожих вэ гэсэн түүхэн сонголтын өмнө өдгөө тулж ирчихээд буй гэх мэт. Энэ утгаараа өнөөдөр бид Орхан Памукийн зохиол бүтээлүүдийг маш чухлаар авч үзэх учиртай.
Хувийхаа сэтгэгдлээс хуваалцахад Орхан Памукийн нийтлэлүүд, ном бүтээлүүд нь миний дотор маш чухал орон зайг эзэлдэг болсон. Түүнийг унших тоолонд ой санамжийн минь хаа нэгтээ хэзээ нэгэн цагт үзүүрээс нь имэрсээр байгаад сэглээд хаячихсан мартагдсан санаанууд маань номууд дээр нь асар цэгцтэйгээр илүү уран үгээр илэрхийлэгдчихсэн байж байх нь үнэхээр гайхмаар. Жаахан хадуурах юм бол Памукийн “Истанбул: Дурсамж хийгээд Хот” (гайхамшигтай ном, ялангуяа дотроо хар цагаан зургуудтай сүүлийн хэвлэлтүүдийг нь заавал олж аваарай гэж хэлэх байна) дээр дүрслэн бичсэн бага нас болон ном нь үеийн (одоогийн надтай бараг чацуу байх үе) амьдрал минийхтэй зарим талаараа маш төстэй. Өөрийхөө мартагдсан дурсамжуудыг уншив уу гэмээр тохиолдлууд олон гарна.
Памукийн Чарли Рөүзд өгсөн ярилцлага
“My First Passport: What does it mean to belong to a country?”
Homeland: A conversation between Salman Rushdie and Orhan Pamuk
Үнэхээр сайхан нийтлэл болж, энэ л дутагдаад байсан юм. Хэт ёсорхуу, хуурай хоол шиг нийтлэлүүдийн дунд хөшүүрэг, зөөлөвч болсон энэ мэт review, нийтлэлүүд олон ороосой.
Nice! яг иймэрхүү нийтлэлүүд ч бас нилээн хэрэгтэй байгаа гэдэгтэй мулгуутай санал нэгдэж байна. За тэгээд бичээд байгаарай, орж ирж уншаад байнаа.
Надад чиний блог маш их таалагдлаа. Өнөөдөр л нар.мн сайтаас уран зохиолын ийм сайхан блог байдгыг мэдэж авсандаа таатай байна. Одоо уншаад л байдаг хэрэг.
Today I have gotten the site info. I will be the reader of your site from now. thanks.
Best wishes,
Nara.